2008-12-08
Дүүгээ хараатай болгомоор байна

 

Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэгдсэн судалгаа байдаггүй. Тиймээс олон хүүхдүүд нийгэмшилгүй гэрийн мухар сахин амьдарч байна. Үүний нэг бол зургаан настай Б.Ану-Үжин охин билээ. Тэрээр нүдний  бүтэц дутуу төрсөн учир байнгын асрамжинд байдаг байна. Энэ талаар түүний ах Ц.Анхбаяртай дэлгэрэнгүй ярилцсан юм. 

 

 Түүний нүдний  бүтэц дутуу төрсөн нь юунаас болсон юм бэ?

 Эмч хэлэхдээ хэвлийд байхад нь янз бүрийн хүчтэй эм хэрэглэснээс болж төрөлхийн нүдний бүтэц дутуу  төрсөн байж магадгүй гэсэн. Гэхдээ ээж нь ерөөсөө тийм юм хэрэглээгүй гэж байна лээ..

Эмчлэгдэх боломжтой юу?

Их л үнэтэй юм билээ. Америкт эмчлүүлбэл ядахдаа мөрөө хардаг болж магадгүй гэсэн. Бид чинь амьдрах гэж ядаж байгаа улс, тиймээс дүүгээ эмчлүүлж чадахгүй л байна. Уг нь хараатай болгохыг маш их хүсдэг. 

Энэ талаар ямар нэгэн тусламжийн байгууллагад хандсан уу?

Үгүй ээ. Телевизээр олон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гарч л байдаг юм. Даанч яаж тэдэнтэй холбоо барихаа мэдэхгүй байна. Донор нэвтрүүлэгт хандаж байсан. Бас Ийгл тв-ээр Анукагын тухай мэдээ гарсан. Энэ тухай үзчээд 116-р сургуулиас хүмүүс ирж, сургуульдаа авъяа гэтэл нас нь хүрээгүй учир энэ жилдээ халамжийн 10-р цэцэрлэгт явуулаарай, ирэх намраас сургуульдаа авъяа гэсэн. Цэцэрлэгт явуулах гэхээр хүйтэнд цутрана, тиймээс дулаан орохоор болъёо гэж бодож байгаа. Мөн бид Анукагийн аавад их хандсан. Даанч биднийг тоохгүй юм. Зургаан жил л биднийг хуурлаа.

Түүний аав хаана байдаг юм бэ? Хамт байдаггүй юм уу?

Анукаг хэвлийд байхад нь салсан юм.  Аав нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын улсын мянгат  малчин Д.Баянмөнх гэж хүн бий. Түүнийг хоол ундаар тасалдахгүй, ядахдаа биеийг нь үзүүлээд, эмчлүүлчих байх гэж бодоод аавруу нь гурван удаа явуулсан. Гэтэл ээж нь охиноо санаад байна гээд аваад ирсэн. Аав нь ардаас нь мах явуулна гэсэн байхгүй. Хавар ноос ноолуураа тушаачаад хүүхдээ эмчид үзүүлнэ, хашаа байшин авч өгнө гээд л яриад байсан хэрэгжсэн юм алга даа. Уг нь Хэнтий аймгийн төсөвтөө их л мөнгө өгдөг юм гэсэн. Гэтэл хүүхдээ ер тоохгүй юм.

Эрүүл саруул байсан бол булаацалдаад л авах байсандаа гэж бодохоор л эцэгт нь их гомддог юм.

Тэгээд хэнтэйгээ амьдардаг юм бэ?

Голцуу эмээ нь түүнийг асарч хамт байдаг юм. Ээж нь ажилтай, охиндоо идэх уух юмыг нь төхүүлэхдээ ирдэг. Анука голцуу мах иддэг. Мах ямар үнэтэй билээ, тэр болгон мах авч чадахгүй, хааяа  өлсгөх тохиолдол ч байдаг. Өлсөхөөрөө аймар чанга уйлдаг. Харахгүй болоод ч тэр юм уу, ерөөсөө  босч явдаггүй, бөгсөө чирээд л шалан дээгүүр холхиж өгнө дөө. Өмдөндөө шээх ч тохиолдол бий. Эмээ нь л түүний юу хэлэх гээд, яах гээд байгааг нь сайн ойлгодог.

Хүний яриаг сайн ойлгоно. Түүнийгээ илэрхийлэх, ярих, хөдлөхдөө л тааруу. Гэхдээ заримдаа янз бүрийн юм хэлдэг. Уг нь ярина, даанч цочролд орсон байна гэсэн. Анука байнгын хүний асрамжинд байдаг, том болвол бүр л хэцүү болно. Тэгээд яахаа мэдэхгүй л байна даа.

Ану-Үжиныг сургуульд сургах талаар  хараагүй хүүхдийн 116-р сургуулийн захирал С.Энхтуагаас тодруулахад:

Бид түүний талаар тв-ээр үзсэн юм. Тэгээд очиж уулзаад, ирэх намраас дотуур байрандаа байлгаад, сургуульдаа авахаар болсон. Одоохондоо нас нь бага юм билээ. Бид хараагүй хүүхдүүдийг нийгэмшүүлж, хөдөлмөрийн эвсэлтэй болгож, хэл яриаг нь засч, биеэ авч явах чадварт сургадаг. Тиймээс Ану-Үжинг өөрчилж чадна. Одооноос түүнтэй хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө ярьж байгаа.

Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгаа байдаггүй. Тиймээс Б.Ану-Үжин шиг олон хүүхдүүд манай сургалтнаас хоцорч байгааг үгүйсгэхгүй. Ядахдаа л хүн амын тооллого хийхдээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлыг хамт бүртгээд явж болно доо. Судалгаа хийхэд их хөрөнгө шаардлагатай. Тиймээс  төрийн бодлого хэрэгтэй байгаа юм.

Бичсэн: amitaba | цаг: 15:00 | ярилцлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax