2010-04-01
Чимээгүй сургууль ба хэрэгждэггүй хууль


Энгийн сургуультай адил шат, хана, жижүүр, хүүхэд, багш …гээд л бусдаас ялгагдах зүйлгүй. Харин коридорт тааралдах хүүхдүүд нам гүмхэн бөгөөд хоорондоо гарны дохиогоор харилцана. Энэ бол сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль билээ.

…нэгэн ангийг сонгон ороход, тохилог цэвэрхэн бөгөөд угаалтуур, ус буцалгагч хажууд нь аяга, бас ганц компьютэр харагдана. Бас сольсон хувцасаа торонд хийгээд өлгөчихсөн байна. Сурагчид нь П хэлбэрээр зассан ширээнд гурав гурваараа сууцгаана. Харин ганц хүүхэд сондгойрон багшийн урд талын ширээнд суух бөгөөд түүнийг ер сайжирдаггүй хүүхэд гэж багш нь хэллээ. “Эдгээр хүүхдүүдийн үгийн баяжилт, ойлгоц, хийсвэр сэтгэлгээний хөгжил янз бүр. Өөрөөр хэлбэл манай ангид хүнд, хөнгөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамтдаа сурдаг. Тэдний хараа нь илүүл хөгжсөн байдаг болохоор энгийн хүний олж харахгүй, бүр огт анзаардаггүй зүйлийг ажигласан байдаг” гэж хэл заслын багш М.Ариунтуул хэллээ. 

Харин МУ-ын боловсролын тухай хуулинд ХБХ-ийг ердийн болон тусгай сургалттай сургуульд сурах эрхтэйг нь заасан байдаг. Гэвч тусгай сургуульд хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд цөөнгүй байна. Хөгжлийн бэрхшээл нэрийн дор хөгжлийн бэрхшээлийн хүнд, хөнгөн хэлбэрээс үл хамааран, тэд тусгай сургуульд сурсаар байна. Энэ нь дээрх хуулийн ерөнхий заалтыг ашиглан, тэдний сурч боловсрох эрхийг зөрчиж байгаагийн нэг хэлбэр. Тухайбал: Бага ангийн багш Б.Шүрэнцэцэгийн ангид нийт 13 хүүхэд сурдагаас тав нь үлдэгдэл сонсголтой, хэл яриа, ойлголт, сэтгэхүйн хувьд энгийн сургуульд сурах боломжтой хүүхдүүд юм.     

 Сурагч Б.Баярхүү нь тархины гэмтлийн улмаас өсөлт нь зогссон ч  үлдэгдэл сонсголтой түүнийг тусгай сургуульд оруулсан байна. Өөрөөр хэлбэл түүний хөгжих боломжийг нь хязгаарласанаас ялгаагүй. Тэрээр хэлж ярих чадвартай ч, үүнийг нь хөгжүүлэхгүй юм бол тэр мартана, бүр ярьж чадахгүй болно гэсэн үг.

Үлдэгдэл сонсголтой хүүхдүүд нь сонсголын аппарат зүүдэг. Энэ нь энгийн хүнийг зүүхэд, чих дэлсдэх шиг чанга боловч тэд үүний тусламжтайгаар сонсох боломжтой болж байгаа юм. Үүн дээр нь хэл яриаг нь зүгшрүүлээд өгчихвөл, тэдэнд бусдаас ялгагдах юм алга.

            НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн 28-р зүйлд: “Бүх хүүхэд адил тэгш эрхтэйгээр боловсрол эзэмших эрхтэй” мөн 29-р зүйлд: “Хүүхэд бүрийн авъяас чадварыг дээд зэргээр хөгжүүлэх”-ийг чухалчилсан. Мөн Үндсэн хуулийн 16.7-д: “монгол улсын иргэний сурч боловсрох эрхийг нь баталгаажуулсан” байдаг.

            Гэсэнч манайд нийт ХБХ-ийн 50% нь ЕБС-д хамрагддаг бөгөөд 14% нь сургуулиа төгсдөг байна. Гэхдээ энэ тоо бас маргаантай, үүнээс бага хувь гарах магадлалтай. Ÿагаад гэвэл одоог хүртэл ХБХ-ийн нэгдсэн тоо баримт байхгүй. Үүнээс үзэхэд ХБХ-үүд, хууль болон олон улсын эрхийн конвенцид заасан сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаагийн нэг хэлбэр юм. 

           

…Хичээл завсарлаж, коридорт зогсож байсан хүүхдүүд, ангийн багш ба хичээлийн эрхлэгчийн маргааныг сонссон нь:

            АБ: -Би тэр оюуны хомсдолтой, гөлрөө юмыг чинь ангидаа авч чадахгүй. Шилжиж ирсэн доголдолтой хүүхэд бүрийг надад өгч байдгаа болиорой, та!

            ХЭ: -Та чадахгүй бол ангиа өгнө биз. Танайхаас өөр хийчихмээр анги байхгүй.

Ийнхүү манай ангид “Хөгжлийн бэрхшээлтэй Тамираа” тусгай сургуулиас шилжиж ирлээ. Үнэхээр л тэр жинхэнэ гөлрөө, дүйнгэ, жаал байсан бөгөөд, түүний төрх байдал, хөдөлгөөн, хааяахан хэлэх үг нь багшийн үгийг батлах мэт. Харин тэр хичээл тарангуут жинхэнэ “сайн эр” болж хувирна. Бид Тамираатай нийлж, болох болохгүй зүйл тун ч олныг хийсэн. Тэгээд л хичээл эхлэнгүүт гөлрөө өвчин нь хөдөлж, багш нар ба охидод тэнэгээрээ дуудагдан, нүд нь юу ч илэрхийлэхгүй, юм ч сонсохгүй, ам нь хамхиастай, дэвтрээр нь дүүрэн зураас байдагсан. Бид хүртэл энэ чинь өчигдөр оройны “сайн эр” маань мөн үү дээ? гэхээр. Түүний энэ оюуны хомсдолтой, дүйнгэ нь тэр өвөл, шинэ жилээр нөгөө ангийн бадриун биетэй Мэгзэмд зодуулснаар улам лавширч, яваандаа бидэнтэй ч нийлэхээ байж, холдон холдсоор, гөлрөн гөлөрсөөр 8-р ангиасаа гарсан юм. Түүнийг “бид” гялс мартсан.  Тамираагийн ээж нь хувийн хэргийг авахаар ирэхэд нь, ангийн багш түүний хаяад явсан хувийн хэргийг нь анх удаа үзсэн. Тамираа нь шилдгийн шилдэг онц сурлагатан хүүхэд байсан байлаа. Манай ангийн охидоос авахуулж уйлаад, багш маань хүртэл царай нь хувирсныг санаж байна. Гэвч бүгд өнгөрсөн байлаа. Одоо Тамираа маань биднийхээ ачаар хаа нэгэн газар гөлөрсөөр яваа боловуудаа...

Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээр нь гадуурхаж, анги хамт олноос нь хөндийрүүлсэн жишээ үүгээр тогтохгүй. Хамгийн их эрх нь зөрчигдөж, хүн болж төрсний наад захын эрхээ эдэлж чадахгүй байгаа тэдний энэ байдалд хэн буруутай вэ? ...

2002 онд батлагдсан боловсролын багц хуулинд: “Монгол улсын боловсролын зорилго нь ... бие бялдрын зохих чадавхитай, ... бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” хэмээн хуульчилсан.

Гэтэл хөгжлийн бэрхшээл нэрийн дор тусгай сургууль төгсөж буй хүүхдүүд нийгэмд ажиллаж, амьдрахад бэлэн болов уу?

            2009 онд 29-р тусгай сургуулийг төгссөн А.Чинбаа:”Төгсөөд шууд ИДС-д орох шалгалтанд бид бэлэн биш байдаг. Мөн бидэнд зориулсан шалгалтын хөнгөлөлт гэж байхгүй. Тиймээс биднийг ердийн ЕБС төгссөн хүүхэдтэй харьцуулахад, мэдлэгийн төвшин чамлалттай. Уг нь энгийн хүүхэдтэй суралцвал, илүү өөрсдийгөө дайчилж, мэдлэг ч тэр хэрээр өсөх байхдаа... ” гэлээ.

 1990-ээд оноос өмнө ХБХ-ийг бусад хүүхдүүдээс тусгаарлан тусгай сургалттай сургуульд боловсрол эзэмшүүлэх бодлого голчилж байсан. Уг бодлогын хүрээнд 1964 онд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд хамруулах үүднээс тусгай 29-р сургуулийг, 1967 онд тусгай сургалттай 25-р сургуулийг тус тус байгуулжээ. Харин 1990 оноос эхлэн ХБХ-ийг нийгэмд тэгш хамруулах, тэднийг нийгэмшүүлэх байр сууринаас, ердийн сургалттай сургуульд бусад хүүхдүүдийн хамт сурган хандлага бий болсон ч хэрэгжилт тааруухан байна.

 Тиймээс боловсрол эзэмшиж буй ХБХ-ийн ихэнх нь тусгай сургуульд хамрагдаж, улам нийгмээс гадуурхагдсаар байгаа юм.

ЮНЕСКО-ийн судалгаанаас харахад хөгжиж буй оронд амьдардаг ХБХ-ийн 90 хувь сургуульд сурдаггүй гэжээ. Тэдний боловсрол эзэмших эрх нь чамлалттай байгаагийн наад захын жишээ нь энэ юм.

            “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн менежер Т.Батдуламын арван жилийн өмнө гаргасан ихэр хөвгүүдийн нэг нь саажилттай төржээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргаад, миний хүүхэд бичиж чадахгүй юм чинь, явж чадахгүй юм чинь гээд цэцэрлэг сургуульд явуулдаггүй. Манай хүү нэг настайгаасаа эхлээд цэцэрлэгт явсан. Энгийн хүүхдүүдийн дунд байхаараа, хүүхдийн хэл яриа, сэтгэхүй нь хөгждөг. Тэгээд найман настайд нь сургуульд явуулсан. Багш нар нь :”хүүхдүүд танай хүү хараад, хичээлээ хийхгүй байна. Тэгээд ч бусад эцэг эхчүүд ийм хүүхэдтэй манай хүүхдийг хамт байлгалаа гээд дургүйцнэ. Бид ийм хүүхэдтэй ажиллаж чадахгүй. Бичиж чадахгүй юм чинь яаж сурах юм бэ? Ерөөсөө ойлгохгүй байна гэж хэлдэг байсан. Эхэн үедээ бие засах газарлуу бид их завсарлагаанаар зөөдөг байсан бол сарын дараа гэхэд найзууд, ангийнхан нь дагуулаад бие засуулдаг болсон. Нэг өдөр завсарлагаанаар очсон чинь хүү маань алга. Харин багш нь : танай хүүг ангийнхан нь бие засуулахаар аваад явсан гэж байна. 00-ийн өрөө очсон чинь нэг нь гараас нь түшчихсэн, нөгөөх нь өвдөглөөд суучихсан өмднийх нь тэлээг тайлж байсан. Бичиж чадахгүй болохоор нь компьютер дээр бичиж сургая гэж шийдсэн. Хүү маань нэгэнт илүү хөдөлгөөнтэй болохоор хоёр үсэг зэрэг дараад, болж өгөхгүй байсан. Тэгэхээр нь компьютер дээр үсэг үсэгээр нь цоолтуур хийж өглөө. Нүх рүү дарахад нэг л үсэг дарагдана. Ингэснээр миний компьютер дээр хичээлээ хийж, интернэтээр тоглож аялана. Түүгээр ч зогсохгүй ангийнхантайгаа кино үзэж, тоглодог болжээ. Хэдийгээр хорвоог бүтэн харж, бодож байгаагаа шууд илэрхийлээд хэлчихдэггүй ч, хүссэн газраараа гүйж харайж чадахгүй ч тэр хүүхдүүдийн зүрхэнд эрч хүч, хайр энэрэл, зорилго дүүрэн байдгийг дээрх жишээн дээрээс харж болно. Хүүхдээ гэрт байлгаж тусгаарлахын оронд хамт олон дунд нь оруулж, нийгэмшүүлэх нь ямар тустайг ойлгох нь ховор.

            Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал Н.Гэлэгжамц “Сонсголын бэрхшээлтэй гэх бүх хүүхдийг манай сургуульруу явуулаад байдаг. Энэ нь маш буруу юм. Хүнд, хөнгөн бэрхшээлээс хамаарч, хөнгөн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургуульд сургах нь хүүхдийн хөгжилд маш тустай. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авах орчин алга гэх нэрийн дор, хүүхдийн сурах эрхийг хязгаарлаж  байна ” гэж харамсангуй хэлсэн юм. Тус сургууль нь шилдэг сайн сурагчидаа зургаадугаар ангиас нь нэгтгэж, ИДС-ийн шалгалтанд бэлтгэдэг бөгөөд энэ нь хангалтгүй байна гэлээ.

Нийтдээ хотод зургаан тусгай сургууль байдаг бөгөөд улсын хэмжээнд хоёр нь үйл ажиллагаа явуулдаг. Тусгай сургуулиудад 2000-аад хүүхэд суралцдаг. Дээрх сургуулиуд нь ХБХ-ийн хэдэн хувийг хамруулж байгааг гаргахад хэцүү. Яагаад гэвэл манайд эдгээр хүүхдүүдийн талаарх нэгдсэн тоо баримт байхгүйг дахиад дурдчихъя.

2006 оноос “ХБХ-ийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтай ч тухайн хөтөлбөрийн хэрэгжилт, тандалтын түвшнээсээ гараагүй байна. Одоог хүртэл, ХБХ-ийн илрүүлэлт, нэгдсэн тоо баримт байхгүй байсаар байна. Хөгжлийн бэрхшээл нэрийн дор хүүхдүүд тусгай сургуулиудад суралцсаар байна… Мөн энэ хөтөлбөр нь гадаад дотоодын тусламж, сайн дурын багш нарын сургалт төдийхнөөр хязгаарлагдаж байна.

ХБХ-ийг нийгмээс тусгаарлаж, тусгай халамж үйлчилгээ үзүүлэх нь өндөр өртэйн дээр эцэс төгсгөлгүй үргэлжлэх юм. Харин тэдэнд хараат бусаар бие даан амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь нийгэм эдийн засгийн хувьд ч ашигтай шийдэл болно.

Бичсэн: amitaba | цаг: 11:25 | өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсрол сайн эзэмшүүлэх хэрэгтэй багш нар сайн заалгаж өгөөч хүүхдүүдийн боловсрол маш муутай байна
зүрх өвдөх уйлах уйлах
Бичсэн: Зочин цаг: 13:17, 2011-12-14 | Холбоос | |


баярлахбүх хүүхдийн адил тэгш эрхтэйгээр боловсрол эзэмших эрхтэй. Сануулга багш нар дандаа амаар ярих хэрэггүй, зөвхөн сонсолгүй бэрхшээлтэй хүүхдүүдийг дохиогоор ярих хэрэгтэй. Заавал дохиогоор ярих хэрэгтэй хүүхдүүдийн гомдол их гардаг байна
Бичсэн: Зочин цаг: 13:14, 2011-12-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax