2010-07-15
Миний бичсэн, орчуулсан номууд дотор хүнд хэрэггүй хог нэг ч байхгүй

Г.Аюурзана:  Өдөөн хатгасан асуултыг надаас байсхийгээд л асуудаг

 

 

Гуч гаруй ном бичиж, орчуулан гаргасан зохиолч, яруу найрагч Г.Аюурзанатай ярилцлаа. Тэрбээр дэлхийн шилдэг 85 сод туурвилыг орчуулж, залууст бэлэг барьж байсан.

 

-Амьдралын мөн чанар юу вэ?

-Амьдралын мөн чанар гэж чухам юу болохыг танихын төлөөх эцэсгүй эрэл тэмүүлэл бол өөрөө түүний мөн чанар юм.

-Та юуны төлөө амьдардаг вэ?

-Өөрийнхөө төлөө. Гэхдээ өөрөөсөө гэхээсээ илүү гэр бүлийнхээ төлөө.  Би хүн төрлөөр ердөө л нэг удаа амьдарна гэж хатуу итгэдэг тул энэ амьдралаа утга учиртай өнгөрөөчих юм сан, нэг ч билээ хормыг дэмий үрчихгүй юм сан гэж бодож, тэр бүх мөчүүдийн төлөө амьдардаг.

-Та хэнд зориулж зохиолоо бичдэг вэ?

-Надтай адилхан нүдээр энэ хорвоог ажиж болзошгүй хэн нэгэнд.

-Аливаа зохиолын мөн чанар ямар байх ёстой вэ?

-Амьдрал, уран зохиол хоёр адилхан, магадгүй нэг л зүйл байх. Амьдралыг ийм тийм байх ёстой гэж хэлэх арга үгүй.

 

-Монголын зохиолчдыг та харанхуй гэдэг. Тэгвэл та тэднээс юугаараа гэрэлтэж байна вэ?

-Ихэнхийг нь үү. Тийм л дээ. Иймэрхүү өдөөн хатгасан асуултыг надаас байсхийгээд л асуудаг тул, миний хариулт ч гэсэн бүр улиг домог болж гүйцэж дээ. Юу ч уншдаггүй хүнийг харанхуй гэдэг юм аа гэж манай ардын үгэнд байдаг юм шүү дээ. “Номгүй хүний цээж харанхуй” гэж ертөнцийн гурав дотор ч бий. Манай зохиолчдын ихэнх нь бараг л юу ч уншдаггүйг би сайн мэднэ. Тэднийг бодвол би арай илүү уншдаг. Тэгэхээр миний цээж арай илүү гэгээтэй гэж боддог юм шүү.

- “Илбэ зэрэглээ” номынхоо санааг яаж олсон бэ. Гол дүрийн баатрын хэв маяг тантай адил уу?

-Санааг нь олоогүй. Бараг санаа байхгүй дээ, тэнд. Зүгээр л суугаад нэг роман бичээд үзье гээд бичсэн. Юу ч төлөвлөөгүй, өөрөө л явсаар байгаад тийм нэг зохиол бий болчихсон. Гол баатар нь миний дотоод би. Тийм байхаас ч өөр аргагүй, романчид ерөөсөө өөрийгөө л бичдэг юм шүү дээ. Тиймээс би үл ойшоодог хүнийхээ бичсэн номыг огт уншдаггүй.

- Аливаа зохиолыг заавал уншигчдад зориулж бичих ёстой юу?

-Харамсалтай нь өөр ямар ч арга алга даа. Уг нь зохиолчдод л зориулж бичвэл илүү дээр байх сан. Гэхдээ монголын харанхуй зохиолчдод биш л дээ.

 

-Хүмүүс зарим зохиолыг ойлгодоггүй болохоор уншдаггүй байж магад. Тэднийг бэлдэх хэрэгтэй юу?

-Уншигчдийг хэн нэгэн бэлддэггүй. Уншигч ч, зохиолч ч өөрөө л бий болдог, өөрийгөө л бий болгодог.

-Хүмүүс яагаад заавал  таны зохиолыг унших ёстой гэж?

-Заавал хүмүүс л унших ёстой. Би одоогоор морь ч юм уу, нохойнд зориулж юу ч бичээгүй байгаа. Уг нь шувууд бичиг үсэг мэддэг бол тун сайхан санагдах сан. Тэд уншиж чаддаг ч байж магадгүй. Гэхдээ л би шувуудад бас зориулж зохиол бичээгүй.

-Таны уран бүтээлүүдийн амин сүнс нь юу вэ?

-Түүнийг би хэлэх эрхгүй. Уншигчийн хэрэг шүү дээ. Би яривал тэдний эрх чөлөөнд халдсан бүдүүлэг явдал болно.

-Уншигчийн эрх чөлөө гэж юу вэ?

-Сонголт

-Зохиолч хүн өөрийн давтагдашгүй ертөнцийг бүтээвэл сая жинхэнэ зохиолч болдог гэдэг. Таны давтагдашгүй ертөнц юу вэ?

-Миний шүлгүүд давтагдашгүй шүү дээ, бас “Цасны роман” давтагдашгүй, “Арван зүүдний өр” давтагдашгүй, “Бөөгийн домог” давтагдашгүй.

-Дэлхийн шилдэг зохиолууд таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?

-Хэрэв хэдэн гайгүй ном олж уншаагүй бол, өдийд би юутай ч зохиолч Аюурзана гэдэг хүн л лав биш байх асан. Зарим хүн ном уншилгүйгээр зохиолч болчихдог юм гэнэ лээ. Тийм зохиолч болж балраагүйдээ үе үе баярладаг, нөгөө хэдэн ном олж уншсандаа л баярлаж байгаа хэрэг шүү дээ.

-Та ямар төрлийн ном уншдаг вэ. Хэдэн гайгүй ном уншсан гэсэн тэдний тоонд ямар ямар зохиолууд багтдаг вэ?

-Дуртай номнуудаа нэрлэ гэж байгаа юм уу.  Танай сонины зай хайран байлгүй дээ.

-Таны номын санд хэдэн ном байдаг вэ?

-Зургаан мянга орчим номтой.

 

-Та эхнэрээ монгол дахь цорын ганц яруу найрагч гэж байсан. Яагаад?

-Миний хувьд одоо ид бичиж байгаа монгол яруу найрагчдаас хамгийн сайн нь Өлзий санагддаг. Харамсалтай нь, тэр миний эхнэр тул үүнийг энд тэнд зарлаад явах боломж надад гардаггүй. Адгийн тэнэг авгайгаа магтдаг ч бил үү, морио магтдаг ч бил үү, нэг тиймэрхүү яриа байдаг тул би ч Өлзийг хамгийн мундаг нь гэж хэлэхээсээ санаа зовдог. Гэхдээ л өнөөдрийн хувьд Монголд түүнээс илүү гарахаар шүлэгтэй хүн байхгүй нь үнэн хэвээрээ л үлдэнэ. Тэгэхээр би одоо юу гэж хариулалтай юм бэ дээ. Их хэцүү, ярвигтай байгаа биз.

-Та эхнэртэйгээ үзэл бодол зөрөлдөх үе байдаг уу?

- Мэдээж үзэл бодол нийлэхгүйгээр хоёр өөр гэр бүлд төрж өссөн хүмүүс хамт амьдарч болно гэж үү.

-Та хоёр хамтарч уран бүтээл хийх үү?

- Мэдэхгүй.

-Таны эхнэр хэр эзэгтэй вэ?

- Тэр гайхалтай бүсгүй.

Гэрийн эзэгтэй ямар байх ёстой вэ?

- Үүнд жор байдаг юм уу.

-Та тэгвэл хэр гэрийн эзэн бэ?

-Боломжийн.

-Та сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлдэг вэ?

-Шүлэг бичдэг.

-Та баян хүн үү?

-Миний насан дээр 30 гаруй ном бичиж хэвлүүлсэн хүн бараг байдаггүй юм шүү дээ. Хамгийн гол нь миний бичсэн, орчуулсан номууд дотор хүнд хэрэггүй хог нэг ч байхгүй.

 

Бичсэн: amitaba | цаг: 11:11 | ярилцлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


tiim
uneheer gaihaltai zohiolch sanal neg b
Бичсэн: amitaba цаг: 15:32, 2010-08-20 | Холбоос | |


Дажгүй л ярилцлага байна шд.. Аюурзаны хариултууд их таалагдаж байна.

-Та хэнд зориулж зохиолоо бичдэг вэ?

-Надтай адилхан нүдээр энэ хорвоог ажиж болзошгүй хэн нэгэнд.

гэсэн хэсэг нь.. бас

-Таны уран бүтээлүүдийн амин сүнс нь юу вэ?

-Түүнийг би хэлэх эрхгүй. Уншигчийн хэрэг шүү дээ. Би яривал тэдний эрх чөлөөнд халдсан бүдүүлэг явдал болно.

энэ хэсэг хамгийн их таалагдлаа.

би Аюурзаны бүх романуудыг уншсан. унших болгонд шинэ санаа өөр мэдрэмж төрдөг.
үнэхээр гайхалтай зохиолч.
Бичсэн: Манхүү цаг: 13:43, 2010-08-18 | Холбоос | |


baidag l neg zuil
medehgui ee neg l hachin yariltslaga bolchloo
Бичсэн: amitaba цаг: 18:22, 2010-08-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax