2010-09-29
29 дүгээр сургуулийн жаалууд

Өрөөний хаалгаа томоос том онгойлгожээ. Цонхон талын ширээнд хүүхдүүд сууж, зарим нь юм бичих гэж шамдана. Даам тоглох нэгэн ч байсан юм. Сахилгагүй хэд нь бие биерүүгээ балаа шидэж байлаа. Багш нь болохгүй гэж өчнөөн учирлавч хүүхдүүд болих шинж алга аа. Эд нар бол Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн II ангийн хүүхдүүд. Тэд дотуур байрандаа гэрийн даалгавараа хийхээр зурагтны өрөөнд цуглажээ. Тэдэнд хичээлийн хэрэгслийн нэрийг бичих даалгавар өгсөн байна. Хүмүүжүүлэгч нь ном, дэвтэр, бал, харандааны зургийг харуулж, гараараа дохин бичүүлж байлаа. Гэрийн даалгавараа хийчихээд тоглоно гэхэд хүүхдүүд хурдан дуусгах гэж яарсан юм. Эрэгтэй хүүхдүүдийн дотуур байр болоод ч тэр үү их шуугиантай. Өрөө, коридороор гүйж, хөөцөлдөнө.

Эрэгтэй дотуур байрны хүмүүжүүлэгч багш Б.Мөнхжаргал “Бид бага ангийн хүүхдүүдийн даалгаварыг нэг бүрчлэн хэлж өгч байж, хийлгэдэг. Харин томчууд нь өрөөндөө бие даагаад хичээлээ хийгээд сурчихсан.  Жаахан хүүхдүүд их дэггүй. Үгэнд орохгүй, толгой эргэтэл бужигналдана. Манайд сонсдог, ярьдаг хүүхэд ч байдаг. Тэд хамт байдаг. Уг нь дээр үед үлдэгдэл сонсголтой хүүхдүүд тусдаа байдаг байсанг“ гэж ярилаа.

Хүүхдүүд байрандаа ирээд хамгийн түрүүнд анги нэрийг нь бичсэн даавуун уутанд гутлаа хийж өлгөн, углаашаа өмсөн өрөө рүүгээ ордог аж. Нарийн цагийн хуваарьтай учраас гурван цагаас гэрийн даалгавараа хийнэ. Тэгээд таван цагаас цайндаа орж, дараа нь тоглоомын өрөө, чийрэгжүүлэх өрөөнд хуваарийн дагуу орж чөлөөт цагаа өнгөрүүлдэг байна.

Эрэгтэй дотуур байрны хүмүүжүүлэгч багш Д.Баасанжав ”Би энд долоон жил ажиллаж байна. Анх ирж байгаа хүүхэд уйлаад хэцүү шүү. Өнгөрсөн жил бага ангийн хоёр хүүхэд алга болчихсон. Нэлээд хайсны эцэст Бөмбөгөрөөс олсон. Зарим хүүхэд охид дооглохоор сэтгэлээр унаж уйлна” гэж ярилаа.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дотуур байранд нийт 6-19 насны 200-гаад хүүхэд байдаг. Зургаан хүмүүжүүлэгч багш, зургаан асрагч тэдэнтэй ажилладаг. Нэг өрөөнд жижиг, том хүүхдүүдийг холин 4-5 хүүхэд байрлана.  байрладаг байна. Асрагчийн өрөөнд ус буцалгагч байдаг болохоор хүүхдүүд аягаа барин тэр өрөөгөөр байнга орж гарна.

X ангийн сурагч н.Лхагвасүрэн ”Дотуур байранд найзуудтайгаа хамт байх гоё. Би математик, даам, бүжгийн 9 медальтай. Үүнээс гурав нь алга болчихсон” гэлээ.

Сурагчид шүүгээндээ өөрсдийн зүйлээ хийгээд цоожилдог байна. Тэдний ихэнх нь зураг зурах авьяастай. IX ангийн сурагч С.Ариунбилэгийн зурсан “Рота, чоно 2” гэдэг зурганд байрныхан нь их дуртай юм билээ. Тэд мундаг, мундаг гэж эрхий хуруугаа гозойлгож байсан.  Дотуур байрны хамгийн хичээнгүй нь 10в ангийн сурагч н.Баттэнгэр. Түүний өрөөтэй танилцахад, “би зургаа зурмаар байна. Та нар саад болоод байна“ гэж дургүйцсэн юм.

Охидын өрөөнд ороход тэд бүх хувцсаа индүүдээд, эвхээд шүүгээндээ хийжээ. Угаалгын маштай болохоор өөрсдийн хувцсаа өөрсдөө угаадаг байна. Харин бага насны хүүхдүүдийн хувцас, цагаан хэрэглэлийг асрагч нь угаах аж. Бага ангийхан нь тоглоомын өрөөндөө орж, шагай хүүхэлдэйгээр тоглох их дуртай. Тэд гэрийн даалгавараа хийчихээд тоглоомын өрөө рүүгээ яарна.

Эмэгтэй хүүхдийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш Б.Оюунгэрэл ”Эдгээр хүүхдүүдтэйгээ хамт ажиллаад сурчихсан болохоор тэднээс бэрхшээх зүйл байхгүй ээ. Анх ирж байгаа хүүхдүүдээ 7 хоног ажиглаад, занг нь мэдэж авдаг. Ахлах ангийхан нь дүү нартаа тусладаг” гэж ярилаа.

Хичээлийн хэрэгсэл, цагаан хэрэглэлээ хүүхэд өөрсдөө бэлдэж ирдэг байна. Бусад зардлыг нь улсаас гаргадаг. Жилд дунджаар нэг хүүхдэд хоёр сая төгрөг зарцуулдаг гэж багш нь ярьж байсан. БСШУ-ы харьяа 29-р сургууль нь 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд амьдардаг сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Тус сургуульд сурч байгаа хүүхдүүдийн 60-аад хувь нь дотуур байрандаа байрладаг байна.

X ангийн сурагч О.Хоролсүрэн “Би Хэнтийгээс ирсэн. I ангиасаа дотуур энд байрлаж байна.  Чөлөөт цагаараа зураг зурж, гар бөмбөг, теннис тоглох дуртай. Найзуудтайгаа хамт гоё байдаг болохоор гэрээ хааяа л санадаг” гэж ярилаа.

Хүүхдүүд гэрээ санахаараа аав ээжтэйгээ мессэжээр сүрхий байдаг гэж онцолж байсан. Аав ээж нарыг нь анхан шатны дугуйланд суулгадаг болохоор тэдэнд гэрийнхэнтэйгээ харьцахад бэрхшээл гардаггүй гэсэн. Тэд гэрээсээ мах, цагаан идээ авчирч, хөрөгчинд хадгалуулдаг байна. Охидын дотуур байр гурван жилийн өмнө ашиглалтад оржээ. Тэрнээс өмнө хөвгүүдийн байранд байдаг байсан байна.

 


Бичсэн: amitaba | цаг: 17:28 | сурвалжлага
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих