2010-10-29
Би хараагүй ч гэсэн Чайковскийн сургуулийг төгсөж чадсан

     Украины Чайковскийн нэрэмжит хөгжмийн академийг төгссөн, 116 дугаар тусгай сургуулийн хөгжмийн багш, харааны бэрхшээлтэй Б.Батболд болон түүний эхнэр сэтгэл зүйч, доктор И.Ариунаатай ярилцлаа. Тэд хоёул харааны бэрхшээлтэй ч нэгэн гэр бүлийг зохицлоон, хос багана болон амьдарч байна.

-Монголд анх удаа та Киев хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн академийг амжилттай төгсөж, эхнэр тань МУИС-д сэтгэлзүйч мэргэжлээр доктор хамгаалсан. Энэ нь харааны бэрхшээлтэй хүн сурч чаддагыг харуулсан болов уу?

-Б.Б: Надад ЗХУ-ын Курскийн хөгжмийн дунд сургуульд сурах завшаан олдсон юм. Дөрвөн жилийг амжилттай суралцаж, улаан дипломтой төгссөн. Тэгээд Москвагийн сургуульд тэнцсэн боловч “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сургах боломжгүй” гэж татгалзсан. Тэр үед  Хавх багш маань Украины хөгжмийн дээд сургуульд хандсан байсан. Намар нь шалгалтдаа тэнцэж, сургуульдаа орсон доо. Манай сургуульд хоёр хараагүй багш байдаг байсан. Миний багш дэлхийн хөөргөт хөгжмийн ертөнцөд том байр суурийг эзэлдэг И.Ящкевич гэж хүн бий.

-И.А: Харааны бэрхшээлтэй болсноос хойш Ардын багш Шагдар гуайтай өдөр бүр утсаар ярьж, цагийг өнгөрүүлдэг болсон. Багш маань надад хараагүй хүн сурч болно гэх  эрмэлзлэлийг төрүүлсэн. Тэгээд МУИС-д орох гэж их тэмцсэн дээ. Харааны бэрхшээлтэй хүнийг сургах мэргэжилтэн байхгүй гэх нэрийдлээр буцаадаг байлаа. Шантралтгүй зүтгэсний эцэст Сэтгэл судлалын ангид орсон. 1999 онд магистар, 10 жилийн дараа доктороо хамгаалсан. Эрдмийн ажлаа “Харааны бэрхшээлтэй хүний түгшүүрийг судлах нь” сэдвээр судалгаа хийж, хот хөдөөгийн 1021 хүнийг хамруулж чадсан. Судалгааны дүнд эдгээр хүмүүсийн түгшүүр нь хэвийн хэмжээнээс нэлээд өндөр байгаа нь батлагдсан.

-Аливаа бэрхшээлийг давах хүчийг хаанаас олж авдаг байв?

-Б.Б: Хүмүүсийн хайраар. Украинд сурч байхад багш нар маань намайг их үнэлдэг байсан. Аав ээж, ах дүү нарын хүндлэл намайг омогшуулж чадсан юм. Энэ омогшлынхоо хүчээр л хүнд бэрхийг давсан. Хараагүй иргэн хөгжмийн академид сурна гэдэг том омогшил байсан. Бие эрхтэн нь эрүүл хүн сураад, сайхан амьдраад явна гэдэг чадах асуудал. Гэтэл Батболд харахгүй, хуруугүй хүн дэлхийд алдартай хөгжмийн сургуулийн өндөр босгыг давна гэдэг Гиннесийн номонд орох амжилт гэж боддог. Энэ зөвхөн миний ололт байгаагүй. Монголын нийгмийн ололт байсан.

-Харааны бэрхшээлтэй хүн өөрийн хүчээр амжилттай сураад, эрдмийн ажил хийсэн байхад улс орон яаж хүлээж авсан бол?

-Б.Б: Эх орон хүлээж авахдаа дандаа сэтгэл дундуур байдаг. Бие биенээ доош нь хийж, арагш түлхэж, биднийг үнэлдэггүй. Сургуулиа төгсөж ирээд, би СУИС, Соёлын дээдэд багшлана гэсэн бодолтойгоор ирсэн. Гэвч хараагүй гэх шалтгаанаар аваагүй. Тэгээд би өөртэйгөө адил хүүхдүүдэд багшилахаар шийдсэн. Энэ болгоныг бид даван туулж чадсан. Одоо би ганцаараа биш, олон шавь нартай болсон. Хэдийгээр тэд харааны бэрхшээлтэй ч гэсэн миний агуу багш нарын оюун ухаанаар сурч, боловсорч  байна. Миний шавь нар үргэлжлүүлэх болно.

- Та хоёр анх яаж танилцсан бэ?

-Б.Б: 1996 онд би Хөгжмийн академид суралцах сүүлчийн жил байлаа. Тэр үед Ариунаа маань хараагүй болоод удаагүй байсан. Нэлээд их сэтгэл санааны хүнд дарамтад орчихсон . Түүнээсээ гарах гэж тэмцэж, явахдаа надтай танилцсан юм.

-Амьдралын хос багана болоход та хоёрыг юу холбосон бэ?

-И.А: Бид хоёулаа адил харааны бэрхшээлтэй учраас бие биенээ нэлээд сайн ойлгодог. Мөн байнга аливаа зүйлийг эрэлхийлж, хөгжих дуртай зан маань биднийг холбосон үнэт зүйл юм даа.  Хань маань намайг сайн ойлгодог. Сая докторатурт сурч байхад хажууд түшиж, сэтгэл санаагаар их дэмжиж байсан. Ямар нэгэн асуудал гарч ирэхэд миний өмнөөс тулгарах бэрхшээлийг тооцдог хүн дээ.

-Б.Б: Миний хань дэндүү их тэвчээртэй, дэндүү их дайчин, хөдөлмөрч хүн. Нийгэмд өөрийн орон зайгаа олох гэж тэмцэж яваа нэгэн. Эрдмийнхээ ажлыг хийх үедээ ямар их ядарч, зүтгэж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг шинжлэх ухаан болгож чадсан гавьяатай хүн. Монголд төрсөн эрдэмтэн хүн гэдгээр бахархдаг.

-Санаандгүй байдлаас болоод харааны бэрхшээлтэй болсон гэсэн. Энэ талаар?

-Б.Б: Тэр үед нэгдүгээр ангийн сурагч байлаа. Гэртэй тэслэх бодисоор тоглож байгаад, дэлбэрээд хоёр нүд минь харахгүй болж, гурван хуруунаасаа салсан даа. Тэрнээс хойш гэрийнхэн маань миний ирээдүйн төлөө их шаналсан. Хараагүй, гурван хуруугүй хүнд ямар хөгжим тохирох вэ гэж аав маань бодсоны эцэст Хөөргөт хөгжмөөр хичээллүүлсэн. Миний аав Шанхайн хөгжмийн сургуулийг төгссөн, хөгжмийн зохиолч Батцэнгэл гэж хүн бий.  Дуу бүжгийн чуулгыг 18 жил удирдаж, урлагийн алтан үеийн хүмүүс болох Сэвжид, Мөрдорж, Гончигсумлаа, Цэрэндорж, Цогзолмаа зэрэг хүмүүстэй ажиллаж байсан.

-И.А: Политехникийн сургуульд сурч байхдаа шатны гишгүүрийн дагуу унасан. Тэр үед шалтгалтадаа бэлдээд, хоёр шөнө нойргүй хоносон юм. Түүнээс хойш долоо хоногийн дараа нүд муудаж эхэлсэн. Давтлагын үеэр самбар дээрх юм харагдаггүй. Бүр сүүлдээ дэвтэр дээрх юм харагдахаа больж, эмчид үзүүлсэн. Доргисноос болж нүдний минь торлог бүрхүүл хуурсан байна гэсэн. Гурван жил сул хараатай байж байгаад 22 насандаа бүтэн хараагүй болсон.

-Харааны бэрхшээлтэй болсноо хүлээн зөвшөөрөхөд хүнд байсан байх. Үүнийг яаж даван туулсан бол?

-И.А: Сэтгэл санаагаар унаж, нэг л их ааштай хүн болж хувирсан даа. Нэг хэсэг нийгмээс бүрэн тусгаарлагдсан. Хүн шилжилтийн үедээ хямарч, сэтгэлийн гутралд 100 хувь ордог юм байна лээ. Хэдэн жилийн дараанаас эвлэрч, би юу хийж чадах вэ, яаж бусдад хэрэгтэй байх уу гэдэг үүднээс өөрлүүгээ хандаж эхэлдэг. Тэгээд би сэтгэл зүйч мэргэжлээр сурсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сэтгэл санааны тодорхой хэмжээний дарамт, стресс, бухимдалтай байдаг. Үүнээс нь гарахад нь туслахын тулд “Увидас” сэтгэл зүйн төвийг байгууллаа. Сарын өмнө сэтгэл зүйн мэдлэгийг хэрэглээний үүднээс тайлбарлаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг амьдрал, ахуйд яаж ашиглах тал дээр дөрвөн сэдвээр, дөрвөн өдрийн сургалтыг хийсэн.

-Та эхнэртээ гэрлэе гэсэн саналыг яаж тавьсан бэ?

-Энэ бол нарийн төвөгтэй асуудал л даа. Эхний амьдрал маань бүтэлгүүтсэн. Миний амьдралын их донсолгоотой үе байлаа. Олон жил хүний газар сурсан. Арын амьдрал орхигдсон байсан. Тэгээд бие биенээ ойлгох, түшиж тулах хань байх хэрэгтэйг ойлгоод, Ариунаатайгаа гэр бүл болсон доо.

-Гэр бүлтэй болно гэхэд гэрийнхэн тань яаж хүлээж авсан бол?

-Манай гэрийнхэн намайг өөрөө шийдвэрээ гаргах бүрэн чадвартай хүн гэж итгэдэг. Ойлгодог учраас шийдвэрээ би өөрөө гаргасан. Ер нь монголын нийгмийг ажиглаад байхад хөгжлийн бэрхшээлтэй хүний ах дүү нар нь тэдний амьдралд хэт орж, хөндлөнгөөс шийдвэр гаргадаг. Миний өмнөх амьдрал ч гэсэн харилцааны гүнзгий хямралд орж байж бүтэлгүйтсэн.

-Анх хүүхэдтэй болоод, тэднийгээ өсгөхөд янз бүрийн бэрхшээл тулгарсан байх. Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг вэ?

-Б.Б: 1999 онд бидний хүү төрсөн. Бага маань хоёрдугаар ангийн сурагч.  Өмнөх эхнэрээс минь нэг хүү байдаг. Анх хүүхэдтэй болоод, хүүхдийг асрах ямар ч мэдлэггүй байлаа. Мэргэжлийнхээ чиглэлээр л сурч чадсан болохоос биш, эцэг эх болно шүү гэсэн мэдлэг байгаагүй. Бидэнд аав ээж, том хүү маань туслаж байсан. Бид хоёр шиг хүмүүст ирсэн хүүхдүүдээ их хайрладаг. Өөрсдийн зүгээс бүх чадах зүйлээ хариуцлагатайгаар хийхийг эрмэлздэг. Нийгмийн зөрчлийг гэр бүлдээ үүсгэхгүйг хичээдэг. Бидний хүүхдүүд ангидаа, сургуульдаа сурлагаараа тэргүүнд л явдаг учраас тэднээрээ бахархдаг.  

-Хүүхдүүдээ ямар мэргэжилтэй болгохыг зорьдог вэ?

- Б.Б: Ер нь өөрсдийгөө олоосой л гэж боддог. Тиймээс сайн хөрс бэлдэхийг хичээдэг. Өөрийн хүссэн мэргэжлийн чиглэлээ олоод авбал сайн хүн ч гарна. Ерөнхийдөө сайн хүн болох тал дээр нь илүү анхаардаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст төрөөс өгч буй дэмжлэг нь хүрч чаддаг уу?

-Б.Б: Бидний амьдрал улс төрийг удирдаад явж байгаа хүмүүстэй шууд холбоотой байдаг. Групп, байр болон нүүрс түлээний тусламж өгчихөөд бидэнд их анхаарч байна гэж боддог. Энэ тийм биш. Авч байгаа мөнгө маань амьдралд хүрдэггүй. Бидэнд загас барьж өгөх биш, загас барих аргыг заах хэрэгтэй байна. Нийгмийн халамж, туслалцааг жинхэнэ хүрэх ёстой хүнд нь хүргэмээр байгаа юм. Миний хань сурсан эрдмээ хүнд тараах юм сан, яриад өгчих юмсан гээд хөлөө хүрэх газар явах юм. Тэрийг нь хүлээж аваад, энэ хүн юм хийх гээд байна шүү гээд гараа сунгаж байгаа хүн ховор.

-И.А: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй тулж ажиллах нь миний мэргэжил. Төр эрдмийн цолоо хамгаалсан хүндээ итгэхгүй байна шүү дээ. Монголд анх удаа “Харааны бэрхшээлтэй хүний түгшүүр”-ийг судлалаа. Гэтэл үүнийг ашиглаад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрсэн ажил хийе гэж сэтгэх төрийн ажилтан алга. 

Бичсэн: amitaba | цаг: 11:28 | ярилцлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


тэгээрэй апшот

Гоё юм бичнэ гэдэгт тань итгэж байна. амжилт апшотоо
Бичсэн: amitaba цаг: 17:02, 2010-11-01 | Холбоос | |


Баярлалаа
Бичсэн: amitaba цаг: 17:01, 2010-11-01 | Холбоос | |


сайн ярилцлага болжээ гоё шүү
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 12:09, 2010-10-29 | Холбоос | |


aguu humuusiin engiin setgehui
amjilt daguulsan zorig tewcheer
ihiig medeh gesen chin huslen
ooriigoo ul goloh setgeliin hat.
aguu humuus blaa, bi sain zohioj chaddaggui uym gehdee ene 2t zoriulaad neg uym bichnee
Бичсэн: upshot_gp цаг: 11:57, 2010-10-29 | Холбоос | |


Итгэл хайрласанд талархая
Сэтгэл өвдөх зүйл биш
Энэ бол амьдралын мөн чанар
Харин бид тэднийгээ итгэл, сэтгэлээр нь дэмжих хэрэгтэй л дээ
Бичсэн: amitaba цаг: 11:53, 2010-10-29 | Холбоос | |


Итгэл хайрласанд талархая
Агуу хүмүүс шүү та хоёр минь
Амьдралын нугачаанд хөл алдалгүй хөдөлмөрлөж байгаад тань сэтгэл минь хөдөлнөм
Та хоёртоо, хүүхдүүд тань хамгийн сайн сайхныг хүсэе
Бичсэн: amitaba цаг: 11:51, 2010-10-29 | Холбоос | |


setgel owdchihloo gehdee l saihan ataarhmaar uym, gaihaltai. surah ermelzlel bas uigagui tewcheer ene 2 l gaihaltai ireeduig buteej bgaa uym shig sanagddag uym. гоё шүү amitaba omnoh bichlegiig chin unshsan bas taalagdsan gaihaltai hicheegeerei.
Бичсэн: upshot_gp цаг: 11:45, 2010-10-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax