2011-01-18
Саажилттай, оюуны хомсдолтой хүүхдийн асрамжлагч нь ганц бие эмэгтэйчүүд байна

Би бэлэг авна, би бэлэг авна гэж ганц хоёр үг хэлэн хаалга манан суух хүүг “даарчихна өрөө рүүгээ ор” гэж сувилагч нь аргадна. Хүү гараа сунгаж, ойр ойрхон алхан, хана түшин цааш явлаа. Цаад талын өрөөнд 20-иод хүүхдийг суулгажээ. Тэдний зарим нь саажилт, хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой аж. Тэнд гар нь татаж, нэлээд турсан, эсвэл босож чадахгүй хэвтэрт орсон, зарим нь үе үе орилж, толгойгоо санжигнуулан суух хүүхдүүд бий. Эдгээр хүүхдүүдэд Хүүхдийн Төлөө Газар, МУЗН, “Говь гео” ХХК хамтран бэлэг өгсөн юм. Санта эмгэн бэлгээ өгөхөд, уутыг нь цоолж, цаастай чихэр амруугаа хийнэ. Энэ бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн тасгийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төрх юм. Тэдний ихэнх нь ээж аавдаа хаягдсанаас болоод энэ төвд асруулж байгаа аж. Энэ талаар тасгийн эрхлэгч Д.Энхтуяатай ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд эмчлүүлж байна вэ?

-Нийт 16 хүүхэд эмчлүүлж байна. Үүнээс найм нь эцэг эхийн эргэлтгүй, гардан асаргаатай хүүхэд юм. Тэд бүгд оюуны хүнд хомсдол, тархины саажилттай.

-Бусад нь ямар хэлбэрийн өвчтэй хүүхдүүд байна?

-Үлдсэн найм нь сэтгэцийн эмгэгтэй, их бага хугацаагаар хэвтэж эмчлүүлдэг өвчтөнүүд. Хүүхдүүд сэтгэл санааны цохилт, стресс, сэтгэл гутрал, солиорол, өөртөө аюултай үйлдэл хийх дөхсөн, мөн сэтгэл мэдрэлийн өвчний улмаас уналттай болсон хүүхдүүд ч бий. Мөн тоглоомонд донтсон хүүхдүүд ч байдаг.

-Сүүлийн үед тоглоомонд донтох хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байна?

-Эдгээр хүүхдийн тоо жилээс жилд буурдаггүй. Энэ нь зөвхөн монголд тулгарсан асуудал биш, дэлхий нийтийн асуудал. Тоглоомонд донтох хүүхдийн тоо сүүлийн 5-6 жилд эрчтэй нэмэгдэж байна. Тэд тэр бүр эмнэлэгт хэвтэхгүй ч дунд сургуулиудаар судалгаа хийхэд дийлэнх нь тоглоомны хараат байдалд орсон байсан. Мөн 18-25 насны залуучууд ихээр интернэтийн донтой болж байна. Нэг дон нөгөө донгоор солигддог учраас эдгэрэлт удаан. Үүнийг эмчлэхэд сэтгэл заслын эмчилгээ, хувь хүний зориг тэвчээр их чухал. Яагаад гэвэл эдгээр өвчтөнд зориулсан тусгай эм гэж байхгүй.

-Танай тасагт эмчлүүлэгчдийг эцэг эх  нь эргэдэггүй тохиолдол байдаг гэсэн. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхийг яаж олдог вэ?

-Бид хоёр жилийн өмнө Эрдэнэтээс ирсэн хүүхдийн аав ээжийг нь олоод,  өгсөн. Тэр хүү манайд 10 жил эмчлүүлсэн юм. Гэтэл эцэг эх нь түүнийг ад үзэж, яах гэж авчирсан юм гээд биднийг загнаад гаргасан. Бас хоёр хүүхдийн ар гэрийг нь олсон ч, удалгүй аваад ирсэн. Одоо манайд эцэг эхээс нь сураг тасарсан гурван хүүхэд байна.

-Манайд эдгээр хүүхдийг асрах газар байдаггүй юм уу?

-Ер нь саажилттай хүүхэд давхар хавсарсан оюуны хомсдол, гүнзгий хомсдолтой байдаг. Гэтэл насан туршдаа асаргаа шаардсан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах газар байхгүйн улмаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд асарч байна. Уг нь бид эмчлээд гаргах ёстой эмнэлэгийн газар шүү дээ. Гэтэл давхар асрах жишээтэй.

-Саажилттай хүүхдүүдийг тусгай тасагт эмчилдэг үү?

-Үгүй. Сэтгэцийн өвчтэй хүүхэд ирэхээр, тэд холилдоод байж байдаг. Энэ нь эмнэлэгийн үйлчилгээнд их хүндрэлтэй. Тухайлбал, нэг хүүхдэд тусгай мэргэжлийн 1-2 хүн ажиллаж байж асаргааны түвшинд хүрнэ. Гэтэл ид ачаалалтай үед (21-25 хүүхэд) өдөртөө хоёр асрагч, нэг сувилагч хүрэлцдэггүй.

-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн биеийн байдал хэр байна. Энд тэнд хэвтсэн, татсан, хашгирсан хүүхдүүд харагдах юм?

-Хүүхдийн биеийн байдал сайн. Тэд харьцангуй өвчлөл багатай. Харин сэтгэцийн талаасаа хүнд. Саажилтаасаа болоод гар нь мэдээгүй болж, нэлээд турсан, явах чадвараа алдсан байдаг. Энэ нь хөдөлгөөн, булчингийн хөгжлийн дутагдалаас болдог юм.

- Танай төвд хамгийн удаан эмчлүүлсэн 27 настай хүү байгаа гэсэн. Хүүгийн эцэг эхийг одоо болтол олоогүй юм уу?

-н.Наранболд маань одоо 27 настай. 1995 онд 11 настайдаа ирж байсан. Хомсдолын хүнд хэлбэрт орсон учраас явж чадахгүй хэвтэрт байгаа. Гэрийнхэн нь түүнийг авчирахдаа эргээд ирнэ гээд явсан. Хэсэг хугацааны дараа хаягаар нь очиход гэрийнхэн нь байгаагүй.

 

н.Наранболд одоо 27 настай ч саажилтын улмаас өсөлт нь зогсжээ. Тэрбээр 10 настай хүүхэд шиг харагдсан. Харин хоёр жилийн өмнө түүний хамаатны хүнийг Хүүхдийн төлөө газрынхан олсон байна. Энэ талаар тус газрын Хүүхдийн эрхийн мэргэжилтэн Ц.Мягмараас тодрууллаа.

 

-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг олохын тулд ямар ажил хийж байна вэ?

-Бид дээрх хүүхдүүдийн ар гэр, асран халамжлагчдыг олохын тулд олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Анх Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 12 хүүхэд байсан. Үүнээс дөрван хүүхдийн гэрийнхнийг олж, ар гэр рүү шилжүүлсэн.

-1995 оноос эмчлүүлж буй н.Наранболдын гэрийнхнийг олсон гэсэн. Тэд яаж хүлээж авсан бэ?

-Хүү Баянхонгор аймгийн харьяат. Түүнийг таньдаг хүнийг нь олсон. Гэхдээ иргэж холбоо бариагүй байна. Утсаар ярихад хүүг авахгүй гэдгээ илэрхийлсэн. Урьд нь н.Наранболд маань өвөө эмээ дээрээ байсан юм билээ. Тэгээд тэднийгээ бурхан болсон хойно, манайд ирсэн.

-Ийм маягаар эцэг эхдээ хаягдсан хүүхдүүд хэр байдаг бол?

-Ялангуяа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хаях тохиолдол бий. Хаяг тогтоолгохоор ирсэн н.Батцэцэг гээд охин байна. Түүнийг төрсөн ээжийнх нь эгч нь өргөж авсан юм билээ. Тэгээд залилан хийгээд шоронд орж, өнгөрсөн жил ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Уг нь гэрийн нөхцөлд асраад явбал ахиц гарах хүүхэд. Гэтэл гэрийнхэн нь огт тоохгүй юм. Бид төрсөн ээжийг нь хайгаад олоогүй.

-Эдгээр хүүхдийн асран хамгаалагчид нь ямар хүмүүс байдаг?

- Тэдний гэрийнхэн гэж ихэвчлэн ганц бие ээжүүд байдаг. Тэдэнд хүүхдээ асрахад олон бэрхшээл тулгардаг. Ийм ачааг эмэгтэйчүүд үүрч чадахгүйн улмаас хүүхдээ сэтгэцийн төвд авчирдаг. Хүүхэд л болсон хойно ээж аав, асран халамжлагчтай байх эрхтэй. Гэтэл зарим эцэг эх үүнийг үнэхээр ухамсарлахгүй юм. Бид нэлээд зардал гарган, ар гэрийг нь олж байхад хүүхдээ асрах чадваргүй гэдэг. Тэд янз бүрийн зовлон тоочиж, өөр дээрээ авахгүйг хичээдэг.

 

Харин эдгээр хүүхдүүдийг асрахад ямар хүндрэл учирдаг талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн тасгийн сувилагч Ш.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Саажилт, хүнд хэлбэрийн хомсдолтой хүүхэдтэй ажиллахад ямар бэрхшээл тулгарч байна?

-Бид ээлжиндээ нэг сувилагч, хоёр асрагчтай гардаг. Сэтгэцийн үйл ажиллагаа нь өөрчлөгдсөн, саажилттай хүүхдүүдтэй ажиллахад асаргаа, сувилгаа ихээр шаарддаг. Тиймээс ажилчид цөөн учраас хүндрэл тулгардаг. Энд ихэвчлэн гардан асаргаатай хүүхдүүд байдаг. Мөн гэр орноос нь эргэлт ирдэггүй. Бид эдгээр хүүхдийн аав ээжийнх оронд ээж болж явна даа.

-Хүн хүч хүрэлцдэггүй гэлээ. Хэдэн ээлжээр, хэдэн сувилагч ажилладаг вэ?

-Таван ээлжээр өдрийн нэг сувилагчтай ажилладаг. Нийтдээ зургаан сувилагч, нэг эмчтэй. Ялангуяа догширолтой хүүхэд ирэхэд байнгын хараа хяналт, асаргаа сувилгаа хэрэгтэй болдог. Уг нь хүүхэд бүр дээр нэг сувилагч ажилбал илүү үр дүнтэй.


Бичсэн: amitaba | цаг: 18:25 | сурвалжлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax