2012-05-21
Атар газар, хүний амины төлөө өөрийгөө өргөлөө

Дорнод аймагт гарсан ой хээрийн түймэр гурван хүний амийг авч одсон. Энэ үеэр галд өртөж түлэгдсэн хоёр албан хаагч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн төвд хэвтэн эмчлүүлж байсан юм. Гэвч тэдний нэг болох Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Г.Багабиш түлэнхийн өвчний хүндрэлийн улмаас хорвоог орхилоо. Өвчтөнүүдэд шаардлагатай эмчилгээг хийн, Солонгост эмчилгээнд явуулахаар бэлдэж байжээ. Энэ талаар ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгстэй ярилцлаа.

-Өвчтөний биеийн байдал өчигдөр оройноос эхэлж муудсан гэсэн?

-Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан. Өвчтөн Г.Багабиш нь тавдугаар сарын 21-ний өдрийн 9 цаг 4 минутад өнгөрлөө. Тус өвчтөн тавдугаар сарын 9-ний 17 цагт манайд ирж, эмчлэгдэж байсан юм.

-Танай төвд ирэхдээ өвчтөний биеийн байдал ямар байсан бэ?

-Түлэнхийн хүнд шоктой, 75 хувийн буюу III-IV зэргийн түлэгдэлтэй, амьсгалын дээд замын түлэгдэл, олон эрхтний дутагдалтай өвчтөн ирсэн. Түлэнхийн өвчний үед үүсдэг хордлого, өвчлөл, олон эрхтний дутагдал, уушигны хавангийн улмаас нас барлаа.

-Түлэгдсэн албан хаагчдыг Солонгос руу эмчилгээнд явуулах гэж байсан?

-Тийм ээ. Уг нь маргааш  /өнөөдөр/ өглөө Солонгос улсын Сөүл хотын Хайлин их сургуулийн Түлэнхий нөхөн сэргээх төврүү явах байсан юм. Бид эмчлэх бүхий л арга хэмжээг олон улсын стандартын дагуу хийж байсан. Яах аргагүй уг гэмтэл амьдралд үл нийцэх түлэгдэл учраас амь насыг нь аварч чадсангүй.

-Түүнд ямар ямар эмчилгээ хийж байсан бэ?

-Эмийн эрчимт эмчилгээ болон мэс засал хийгдсэн. Шат дараалласан 2-3 гурван мэс заслаар түүний үхэжсэн, түлэгдсэн эдүүдийг авч, арьсыг нь нөхсөн.

-Харин өвчтөн А.Болорсүхийн биеийн байдал ямар байна?

-А.Болорсүхийн хувьд мөн адил туйлын хүнд байна. Түлэнхийн өвчин бүх биеийн 65 хувийг бүрхсэн. Мөн олон эрхтний дутагдал болон хордлогын байдалтай байна. Маргааш /өнөөдөр/ өглөө манай эмч нар болон өвчтөн, түүний ар гэрийнхэн Солонгос руу явна.  

-Өвчтөн маань Солонгос руу онгоцоор явах 3-4 цагийн нислэгийн аяыг даах болов уу?

-Бид үүнд бэлтгэж, холбогдох эмчилгээнүүдийг хийсэн.

-Сөүл хотод ямар эмчилгээ хийлгэх вэ. Монголд эмчлэх боломж байхгүй юм уу?

- Сөүл хотын Хайлин их сургуулийн Түлэнхийн нөхөн сэргээх төвд эмийн эрчимт эмчилгээ болон донорын арьсыг нөхөх зөөлөн эдийн мэс засал хийгдэнэ. Өвчтөн А.Болорсүхийн хувьд  65 хувийн түлэгдэлтэй байгаа нь мөн л амьдралд үл нийцэх түлэгдэл юм. Түүний өвчтөний түүх, бүх зураг баримтуудыг нь Солонгос руу явуулсан. Солонгост донорын арьсыг өвчтөнд нөхөж болох хууль эрх зүйн боломж нь хангагдсан байдаг.

            Талийгаачийг эртхэн эмчилгээнд явуулж болох байсан талаар ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяраас тодруулахад “Өвчтөнийг онгоцны 3-4 цагийн нислэгийн ая даах хүртэл эмчилгээ хийх шаардлагатай байсан. Мөн ГССҮТ -ийн мэргэжилтнүүд  Солонгосын түлэнхийн төвтэй холбогдож өвчтний түүх, зургийг явуулж тэндээс зөвшөөрөл авахад хугацаа орсон. Үүний дараа явах бэлтгэлийг хангах, бичиг баримт, тусгай зориулалтын суудал зэрэг бусад зүйлсийг өнгөрөгч өдрүүдэд бэлдсэн юм” гэлээ. Харин ар гэрийнхэн нь “Өчигдөрхөн солонгос явж эмчлүүлнэ гээд инээж байсан юм. Аргагүй хүнд түлэгдэл байсан учраас яваад өглөө. Шаардлагатай бүхий л эмчилгээ, тусламжийг үзүүлж байсан ГССҮТ-ийн эмч нар болон ОБЕГ-ын хамт олондоо баярлалаа. Талийгаач маань өргөсөн тангарагтаа үнэнч байж атар газар, хүний амины төлөө өөрийгөө өргөлөө. Эх орон маань үүрд мөнхжих болтугай” хэмээн ярьсан юм.


Бичсэн: amitaba | цаг: 15:28 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax